Институтийн танилцуулга

Институтийн танилцуулга


Товч түүх

Монгол Улс 1934 оноос дунд мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх курсийг хүн эмнэлгийн дунд сургуульд зохион байгуулах болсон нь эмнэлгийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалтын эхлэл байлаа. Анагаах ухааны факультетийн дэргэд 1953 онд мэргэжил дээшлүүлэх салбар нэртэйгээр байгуулагдаж, эдүгээ Мэргэжил Дээшлүүлэх Институт (2001 оноос) болтлоо өргөжин хөгжжээ.

Тус Институт нь нийгмийн хэрэгцээ шаардлага, удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагаанаас улбаалан түүхийн он жилүүдэд  нэр, бүтэц зохион байгуулалт, удирдлагын өөрчлөлт гарч байсан ч эмнэлгийн мэргэжилтэнийг төгсөлтийн дараах анагаахын боловсрол олгох сургалтаар ханган, үндсэн болон төрөлжсөн мэргэжил эзэмшүүлэх, тэдний мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх үүргээ амжилттай гүйцэтгэсээр ирсэн.

Мэргэжил Дээшлүүлэх Институт нь үндсэн мэргэшлийн сургалтыг 29  чиглэлээр, эмч нарын төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалтыг 120  гаруй чиглэлээр, сувилагч, тусгай мэргэжилтний сургалтыг 39 чиглэлээр, мэргэжил дээшлүүлэх болон багц цагийн сургалтыг хэрэгцээ шаардлагад нийцүүлэн амжилттай зохион байгуулж байна.

Мэргэжил Дээшлүүлэх Институт нь удирдлага зохион байгуулалтын баг, Их сургуулийн цахим сургалт, зайн оношлогооны баг, сургалтын координатор, мэргэшсэн багш нарын багаар өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна.

Институтийн үнэт зүйлс нь:

  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй
  • Мэргэшсэн багш нарын баг
  • Тогтмол үнэлгээ бүхий уян хатан хөтөлбөр
  • Хамтын ажиллагаа, харилцан хүндлэл

Мэргэжил Дээшлүүлэх Институтийн эрхэм зорилго:

Эрүүл мэндийн салбарт төгсөлтийн дараах сургалт, судалгаа, үйлчилгээг хослуулан явуулж, нийгмийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээ, шаардлага хангасан, иргэний соёл төлөвшилтэй, мэргэжлийн өндөр мэдлэг, чадвар, хандлага бүхий эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн бэлтгэж, тэдний мэргэжлийг тасралтгүй хөгжүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

  • АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, мэргэжлийн тэнхимүүд, хамтын ажиллагаа бүхий эмнэлгүүдтэй хамтран төгсөлтийн дараах сургалтын бодлогыг тодорхойлох, сургалтын явц, хөтөлбөрийн агуулга түүний хэрэгжилтэнд үнэлгээ өгөх, сургалтын чанарыг баталгаажуулах, цаашид олон улсын чиг хандлагаар хөгжүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр судалгаа хийж, олон улсын жишигт нийцүүлэн сургалтыг зохион байгуулах, судлах, боломжит үр дүнг хэрэгжүүлнэ.
  • Төгсөлтийн дараах сургалтанд өндөр мэдлэг, чадвар, хандлага бүхий багшийн баг бүрдүүлэх, багшийн мэдлэг, мэргэжлийн ур чадварт тавигдах шаардлагыг өндөржүүлэх, багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих, тэдний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, боловсон хүчний чадавхыг сайжруулах, багшийг тасралтгүй хөгжүүлэх бодлого баримтална. Энэ ажлын хүрээнд АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургууль, тэнхим, бааз, гэрээт эмнэлгүүдийн багшид тавигдах шаардлага хангасан эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнээс төгсөлтийн дараах сургалтын багшийн багийг бүрдүүлж, удирдлага арга зүйгээр ханган, Их сургуулийн багшийн манлайллыг нэмэгдүүлэн ажиллана.
  • Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтыг нийгмийн хэрэгцээнд тулгуурлан, эмнэл зүйн чиглэлээр сургалт явуулах бодлогыг барьж, багшлах боловсон хүчин хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэн, сургалтын хамрах хүрээг өргөжүүлнэ.
  • Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын байранд болон цахим сургалтанд суралцах орчинг бүрдүүлж, цахим анагаах ухааны чиглэлээр хүний нөөцийг хөгжүүлэх, сургалт судалгаа хийх, сорилын сан бүрдүүлэх, сургалтанд хэрэглэгдэж буй программыг тогтмол шинэчлэн сайжруулах, алсын зайн оношлогоо болон зөвлөгөө өгч буй эмч, үйлчлүүлэгчийн эрх зүйн зохицуулалт, алсын зайн оношлогооны чиглэл бүхий өвчлөлийн мэдээллийн санг үүсгэн, бүх аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотын эмнэлгүүдийг түшиглэн үйлчилгээг явуулна.
  • Гадаад харилцааг өргөжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны хүрээнд эмнэлгийн байгууллага, эрүүл мэндийн хүрээлэн, төвүүд болон бусад Био-анагаах, нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн байгууллагуудтай гэрээ байгуулан, харилцан дэмжлэг үзүүлэх, хамтдаа хөгжих, мөн төгсөлтийн дараах сургалтын бааз эмнэлэг, клиникийг өргөжүүлэх, сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж, удирдлага арга зүйгээр хангана. Сургалтын эрх бүхий байгууллагуудтай өрсөлдөхөөс илүү хамтын ажиллагааг хөгжүүлэх, дутагдалтай байгаа боловсон хүчнийг нөхөх, сургалтын бааз, орчинг хамтран бүрдүүлнэ.
  • Их сургуулийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд суралцагчдыг “дэлхийн” хүн болгон төлөвшүүлэх, хүнлэг энэрэнгүй сэтгэлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүмүүнлэгийн, сайн үйлсийн ажлыг санаачлах, зохион байгуулах, нийгэм хамт олонд чиглэсэн сургалт, сурталчилгааг хөгжүүлэн өргөжүүлнэ.
  • Монгол Улсын хэмжээнд төгсөлтийн дараах анагаахын боловсрол олгох сургалтыг зохион байгуулж байгаа академик нэгжийн хувьд олон мянган мэргэжилтнийг тасралтгүй сургалтанд хамруулж, өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, гадаад дотоодын хамтын болон анагаах ухааны боловсрол судлалын судалгаанд суурилан, шинэ арга технологи, заах арга зүй, үнэлгээний шинэ арга хэлбэрийг нэвтрүүлж, сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр бодлого тодорхойлон ажиллана.

 

 

Хамт олны зураг

  • Захирал:      Т.Баясгалан
  • Арга зүйч:  Д.Энхтуяа, Г.Алимаа, М.Түмэннаст, Д.Энхдаваа

Холбоо барих:
Хаяг: АШУҮИС-н №322 тоот
Утас: 77757575 Дотуур дугаар 1027, 1014
Имэйл хаяг: postgraduate@mnums.edu.mn