23 Feb

Резидент эмч нарын анхааралд!

Резидент эмч нарын анхааралд!

Үндсэн мэргэшлээр суралцаж байгаа резидент эмч нараа та бүхэнд анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг бичиж байна. Бид насанд хүрсэн, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах тангараг өргөсөн эмч нар гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ. Гэтэл Монгол Улсад минь шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэл тулгамдаж, төр засгаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа үед зарим нэгэн эмч нар хувийн эрх ашгаа нэн тэргүүнд тавьж, хэнэггүй зан гаргаж байгаа явдлыг таслан зогсоох ёстой болоод байна. Өнөөдрийн байдлаар НАС-ын чиглэлээр суралцаж байгаа 40 резидент эмч нар 24 цагаар Улаанбаатар хот руу орох, гарах  5 постон дээр ажиллаж байна. Дахин 120 эмчийг эпидмиологийн тандалт судалгаан дээр мөн дээрх постуудад ажиллуулахаар зохион байгуулалтанд оруулаад байгаа билээ. Өглөөний 9.00 цагт эхэлсэн сургалт дөнгөж 50 хувийн ирцтэй эхэлж байгаа нь бид өөрсдийн хариуцлагаа өндөржүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. МДИ нь бэлэн байдлын үед ажиллах резидент эмч нарын нэрсийг ЭМЯ-нд гаргаж өгсөн.  Тэгэхээр дахин хуваарилах ажлыг Хөгжлийн төв дээр хийж сайдын тушаалаар баталгаажуулж байгаа тул бид энэ ажилд оролцохгүй байгааг анхаараарай. Өнөөдөр өгсөн мэдээллээр санаатай болон санамсаргүй байдлаар  дайчилгаанд ажиллаагүй эмч нарыг сургалтаас чөлөөлөх мөн эмчлэх эрхийн асуудлыг хөндөх болно гэсэн учир та бүхэн маш хариуцлагатайгаар үйл ажиллагаанд оролцохыг онцгойлон анхааруулж байна.

МДИ-ийн захирал Д.Амарсайхан