18 Mar

Урилга

Уриалга

Дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрч “COVID-19” хэмээн нэрлэгдээд байгаа энэхүү аюулт өвчний эсрэг Монгол улсын төр шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд үндсэн мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа резидент эмч та бүхнийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд дайчлан, шаардлагатай үед голомтонд ажиллуулах бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа.

Бид өнөөдрийг хүртэл дэлхий нийтийг цочроогоод байгаа өвчний эсрэг өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж Улаанбаатар хот руу орох, гарах шалган нэвтрүүлэх цэгүүд дээр 24 цагаар ажиллаж, зарим мэргэжлийн тухайлбал: мэс засал, дотор, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, гэмтэл согог судлал, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр суралцаж байгаа эмч нар маань бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Энэ сургуулийн резидент эмч нар 2003, 2009 онуудад гарсан SARS, H1N1 үед ч мөн төр засгийнхаа шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байсан арвин туршлагатай. Төр засаг ч энэ хүнд үед ажилласан эмч нартаа ажлын төгсгөл үр дүнд хүрсний дараа урамшуулал олгож байсныг бид мартаагүй, тэрхүү голомтонд ажилласан эмч нар маань тухайн үедээ арвин туршлага хуримтлуулж, өнөөдөр ч тэргүүн эгнээнд ажиллаж байгаа. Тиймээс резидент эмч нар та бүхэндээ хэн нэгний өдөөн хатгасан, нийтийн санаа бодлыг эргэлзүүлсэн мэдээлэлд авталгүй өөрсдийн хариуцсан ажилдаа санаачлагатай, хариуцлагатай ажиллахыг Мэргэжил Дээшлүүлэх Институтийн зүгээс хүсч байна.

Дайчлагдан ажиллаж буй эмч нарын халдвар хамгаалал, аюулгүй байдал, ажиллах нөхцөл байдлын талаар Мэргэжил Дээшлүүлэх Институтийн зүгээс хяналт хийж, ЭМЯ НЭМГ-т удаа дараа (2020 оны 1/390 тоот албан бичиг)  цаг тухайд нь хүсэлт гарган дайчилгаанд ажиллаж буй эмч нарын халдвар хамгаалал, аюулгүй байдал, ажиллах нөхцөл бололцоогоор хангаж ажиллахыг хүссэн.

Аливаа ажлын үр дүнтэй төгсгөл хүртэл Дэлхий нийтэд хүнд сорилт болсон “COVID-19” цар тахлын үед ард түмэн, үйлчлүүлэгч нарын эрүүл мэндийн төлөө өдөр, шөнөгүй ажиллаж байгаа олон мянган эмч нартай мөр зэрэгцэн, хүлээсэн үүргээ ухамсарлан, хариуцлагатайгаар манлайлан ажиллахыг  Та бүхэндээ УРИАЛЖ БАЙНА.

Мэргэжил Дээшлүүлэх Институт